Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Төсөвт санхүүгийн нэмэлт үүрэг, ачаалал үүсгэх аливаа шийдвэр гаргахгүй
“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу тогтоолын төсөл боловсруулсныг Байнгын хорооны дарга Н.Наранбаатар онцлоод ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Б.Жаргалан, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд төсвийн урсгал зардлын хэт өсөлт нь хувийн хэвшлийнхэнд татварын ачаалал нэмэгдүүлэх, инфляцыг хөөргөх нөхцөлийг бүрдүүлж буйд анхаарах, төрийн албан хаагчийн цалингийн өсөлтийг ур чадвар, бүтээмжтэй уялдуулах гэх зэргээр бусад хувийн хэвшлийн байгууллага, холбоодоос ирүүлсэн саналуудыг анхааралтай авч үзэх нь чухал гээд энэ асуудалд Засгийн газрын баримталж буй бодлогыг лавласан.

Мөн цаашид төсвийн тодотгол хэлэлцэхээс өмнө гүйцэтгэлийг нь сонсдог болох, ингэснээр гишүүдийн хооронд ойлголтын зөрүү гарахгүй гэхийн зэрэгцээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уг асуудлыг тусгахад Сангийн яам анхаарах шаардлагатай гэж байлаа.
Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувь нэмж, багш нарынхтай ойртуулах, 2027 онд төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдийн цалинг 20 хувь нэмэгдүүлж нэг түвшинд болгоно. Гэхдээ цаашдаа Төрийн албан хаагчийн цалин хөлсний нэгдсэн хуультай болохгүй бол салбар салбараар нь зохицуулалт хийж явснаар урсгал зардлыг нэмэгдүүлж, цалингийн өсөлтийн уралдаан болно гэсэн тайлбарыг хийж байлаа.
"Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
1/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайдын төсвийн багцад туссан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу Монголын талын хариуцах зардлаас гүйцэтгэлээр гарсан санхүүжилтийг 2026 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн тайлангаар баталгаажуулж, тайлагнах;

2/Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Монгол Улс болон хөгжлийн түнш орон, олон улсын байгууллага хооронд байгуулсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нийцүүлэн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
3/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан зардлыг бууруулсантай холбогдуулан төрийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг алдагдуулахгүй байх, үүссэн зайлшгүй өр төлбөрийг барагдуулах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авах;
4/төрийн албан хаагчийн нийт цалин хөлсөнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын нийлбэрийн зохистой харьцааг тодорхойлж, цалин хөлсний нэгдсэн бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх;

5/тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй, санхүүжилтийн эх үүсвэр нь баталгаажаагүй төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжүүлэх, зардал гаргах, гэрээ байгуулах болон төсөвт санхүүгийн нэмэлт үүрэг, ачаалал үүсгэх аливаа шийдвэр гаргахгүй байх агуулгыг тусгажээ.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Д.Энхтүвшин нараас төслийн 5 дахь дэд заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төслийн 4 дэх дэд заалтын “бүрдүүлэх” гэсний дараа “Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төслийн 4 дэх дэд заалтын “нийт цалин хөлсөнд” гэснийг “цалин хөлсний бүрэлдэхүүнд” гэж өөрчилж, “нийлбэрийг” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “өмнийн говийн эрчим хүчний татаасыг чадлын тарифаар нь бус энергийн буюу хэрэглэсэн хэмжээгээр нь төлөх чиглэлийг өгөх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Үүний дараа Байнгын хорооны дарга Н.Наранбаатар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.