Х.Тамир: Сургалтын тоног төхөөрөмжийн хангамж хангалтгүй байна

Боловсролын салбарын төсөв, түүний бодлогын асуудлаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам болон Улсын Их Хурал дахь Боловсролыг дэмжих лобби бүлэг хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн гурав дахь хэсэг сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийн сэдвийг хөндөв. Эхний хоёр хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

2026-10-15 18.14.07.jpg

Хэлэлцүүлэгт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, боловсролын салбарын албан тушаалтнууд, Улсын Их Хурлын гишүүд оролцож, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын эрэмбэ, тулгамдсан асуудлын талаар ярилцсан бөгөөд энэхүү гурав дахь хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан удирдан явууллаа. Тэрбээр хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын хүрээнд явуулсан санал асуулгын дүнг товч танилцуулав. Санал асуулгад хамрагдсан байгууллагуудын 77.0 хувь нь сургалтын тоног төхөөрөмж хангалтгүй гэсэн бол 80.4 хувь нь ширээ сандлын хангалт бүрдээгүй гэж хариулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн 86.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зориулалтын орчингүй, 82.0 хувь нь сургалтад нэн хэрэгцээтэй компьютер, ухаалаг самбараар хангагдаагүй, 75.0 хувь нь байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж шаардлагатай, 70.0 хувь нь хөлбөмбөгийн талбайгүй гэсэн бол 147 сургуульд хими, физик, биологийн лабораторийн өрөө дутагдаж байгаа гэжээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир тавив. Түүний мэдээлснээр 2022-2026 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 51.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Үүний дотор 32.5 тэрбум төгрөгийн 19486 компьютер, 58549 ширээ сандал, гал тогооны 8291 тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Үр дүнд нь ний дунд сургуулиудын компьютеруудын тоо 50665-аас 71418 болж 41.0 хувиар, ухаалаг самбар 1558-аас 2550 болж 65.0 хувиар тус тус өсөөд байгаа юм. Гэсэн хэдий ч сургалтын тоног төхөөрөмжийн хангамж хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг тэрбээр хэлэв. Энэ асуудлыг тоо хэмжээ, нийлүүлэлтээр бус сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлснөөр нь үнэлж дүгнэх ёстой гэсэн байр суурийг мөн тэрбээр илэрхийллээ.

2026-10-15 18.14.26.jpg

Гэрт ойр сургууль хөтөлбөрийн хүрээнд сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд нийлүүлж, дараа нь төрөлжсөн ахлах сургуулиудыг хангах, олон улсын хөтөлбөртэй бүсийн ахлах сургуулиудад удаад нь нийлүүлэх гэх мэт эрэмбийг Боловсролын ерөнхий газар баримталж байгаа аж.

Нийслэлийн 189 дүгээр сургуулийн захирал Б.Зээрээ шинээр ашиглалтад орсон сургуулиуд ч тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдахгүй байгааг дурдаж, сургуулиудад нийлүүлж буй компьютерүүд технологийн хувьд хоцрогдсон, ширээ, сандал сурагчдын эргономикийн шаардлага хангадаггүй зэргийг шүүмжилсэн юм. Тэрбээр нөхөн хангалтын зардлыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм.