Б.Пүрэвдорж: 31695 хүнийг цагаатгаж, 20220 хүнд нөхөн олговор олгосон
"Хэрэглэгчдэд төлбөрийн дарамт үүсэхгүй"
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Төслийг баталснаар дулааны салбар дахь авлигын эрсдэл буурах эсэх, дулааны тоолууржуулалтын өртөг, үр нөлөө, хэрэглэгчид буюу иргэдэд очих дулаан хангамжийн үйлчилгээний чанар, үнэ өртгийн өөрчлөлтийн талаарх гишүүдийн асуултад М.Энхцэцэг гишүүн хариулахдаа “Энэ салбарын эрх зүйн зохицуулалт маш товч, Эрчим хүчний тухай хуулийн таван хувиар Монгол Улсад дулаан хангамжтай холбоотой харилцааг зохицуулж, үлдсэн асуудлуудыг 800 гаруй журмаар зохицуулж байна. Салбарын эрх зүйн орчин тодорхойгүй, тогтворгүй байдал нь авлига, хүнд суртлын шалтгаан болж байгаа учраас бие даасан хуультай болсноор салбарын харилцаа маш тодорхой зохицуулалттай болно” гэв. Дулааны тоолуурын нэгж өртөг одоогоор 1 сая орчим төгрөг байгаа ч хэрэглээ өргөжих хэрээр үнэ буурах боломжтой хэмээн тооцжээ. Нөгөөтээгүүр, тоолуур нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өмч байх учир хэрэглэгчдэд төлбөрийн дарамт үүсэхгүй гэж хууль санаачлагчид тооцсон гэв. Тодруулбал, дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага тоолууржуулах асуудлыг хариуцан шийдвэрлэх нь зохистой гэж үзэн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Дулааны тоолууртай болсноор иргэд хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг төлөх учир хэрэглээгээ удирдах, хэмнэх нөхцөл бүрдэх аж. Энэ нь одоогийн төлбөрийн тогтолцооноос илүү хэрэглэгчид ашигтай байх болно хэмээн тайлбарлаж байсан. Улмаар гишүүд шилжилтийн үеийн зохицуулалт, тарифын шинэчлэл, зорилтот бүлгийн хэрэглэгчдийг хамгаалах механизм зэрэг асуудлыг анхаарч, төсөлд нарийвчлан тусгах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурьтай бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Саранчулуун нар индрээс үг хэлэв. Хуулийн төсөл нь салбарын зохицуулалтыг цэгцэлж, авлига, хүнд суртлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тархмал болон бие даасан дулааны эх үүсвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг П.Сайнзориг гишүүн тэмдэглээд, дулаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлснээр агаарын бохирдол, орон сууцжуулалт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцож, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дулаан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дулааны хэрэглээгээ хянах нөхцөлийг бүрдүүлэх төсөл дэх зохицуулалтуудыг О.Саранчулуун гишүүн дэмжиж буйгаа хэлээд, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн онцлог, нөхцөлийг харгалзан мэдээлэл, үйлчилгээ хүргэх боломжийг тооцож, холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагыг дурдаад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.