Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
З.Мэндсайхан: 1 их наяд төгрөгийг нь хуримтлалын сан руу хуваарилна
Сангийн сайд З.Мэндсайхан, төрийн өмчит компаниудын ашгаас баялгийн санд 34 хувийг нь хуримтлалын сан руу төвлөрүүлээд, үлдэж байгаа 66 хувиас нь 3,5 их наяд төгрөгийг ирэх онд төсвийн орлогод авч Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн хөрөнгө оруулалт, урсгал зардалд зарцуулах эрхээ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, ард иргэддээ ноогдол ашгийг хүргэе гэсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн гадуур явж байгаа эдийн засгийн харилцааг нэгдсэн төсөвтөө авч явъя гэдэг бодлогыг оруулж ирж байгаа хэмээн хариулав. Мөн тэрбээр Оюутолгойн ноогдол ашгийн хувьд Засгийн газраас хоёр ажлын хэсэг гараад хэлэлцээр хийсэн. Миний хувьд зээлийн хүү бууруулах, санхүүжилтийн бүтцийг эргэн харах, хугацааг богиносгох ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хүрээнд үр дүнгүүд гарч, ноогдол ашгийн асуудлыг манай талаас хөндөж, 2027 оноос ногдол ашгаа авах шийдэлд хүрсэн. Засгийн газар 3 их наяд төгрөгийн 2 их наяд төгрөгийг нийгмийн тулгамдсан суурь асуудал буюу дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, 1 их наяд төгрөгийг нь хуримтлалын сан руу хуваарилан зохицуулахаар хуулийн төслийг өргөн барьсан гэв.

Гишүүд 2026 оны төсвийн тодотголын үеэр Боловсролын зээлийн сантай холбоотой 3500 оюутны сургалтын төлбөрийг асуудлыг шийдсэн атал, 2027 оны төсвийн төсөлд Боловсролын зээлийн сангийн төсвийг 170.8 тэрбум төгрөг байсныг 460 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 217.2 тэрбум төгрөгөөр тусгасан гэж хэлэх ч өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрийн зээлийн санхүүжилттэй холбоотой асуудал нь шийдэгдээгүйгээс оюутнууд, эцэг эхчүүд дарамтад ороод байгаад онцгойлон анхаарах нь зүйтэй гэж байлаа. Түүнчлэн Оюутолгойн ногдол ашгаар бид юу хийх вэ, ямар үр дүн гарсан талаар Улсын Их Хуралд тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байхыг хүсээд, ирэх жил арьс шир боловсруулах, дайвар бүтээгдэхүүний асуудлыг төсвийн бодлогын хүрээнд нэг мөр цэгцэлж, дэмжихэд анхаарах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв.
Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар тогтов.