Ерөнхийлөгчийн аман тохиролцоог Б.Батцэцэг сайд албажуулах уу?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар долоодугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Цар тахлаас үүдэн хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээний хүрээнд БНХАУ, Монголын ачаа тээвийн эргэлт тэг зогсолт хийж, эдийн засагт учруулах нөлөөллийг мэдэгдэхүйц хэмжээнд хүрэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд албан томилолт хийж зарим шийдвэрийг гаргасан. Араас нь Хуулийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг очиж, баривчилгаа явуулсан юм. Гэвч Замын-Үүд дэх нөхцөл байдал төдийлөн ахиц гараагүй.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа зарим тохиролцоонд хүрсэн талаар Тамгын газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байдаг. Ингэхдээ Төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолсон.

Мөн хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах,  цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаар болсон юм.

Түүнчлэн "Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ аман байдлаар тохиролцсон. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-ын даргатай хийсэн аман тохиролцоог албан ёсны болгох эсэх нь сайд Б.Батцэцэгийн айлчлалаас тодорхой болох нь.

Б.Батцэцэгийн хувьд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийж зарим тохиролцоонд хүрсэн билээ.

Г.Эрхэс