Х.Нямбаатар сайдын өөрийгөө өмгөөлөх нь ЗӨВ

Хоёр иргэнийг зодож, хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиж байгаа бичлэг сошиалд цацагдсан нь нийгмийн анхаарал хандуулах сэдэв болов. Ерөнхий сайд нь Хуулийн сайддаа үүрэг өгснөөр Цагдаагийн ерөнхий газраас холбогдох арга хэмжээг авч хоёр алба хаагчийг чөлөөлж, шалгаж эхэлжээ. Цагдаагийн төв байгууллагаас өгсөн мэдээллээр эл хэрэг 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15.01 цагт болжээ.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна гэх дуудлага ирж, цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан гэнэ. Энэ үеэр тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсаныг ийн тогтоож. Гэвч тухайн иргэд болон цагдаагийн албан хаагчид тухайн үед хоорондоо ярилцаж, дээд шатны албан тушаалтан нь ямар нэгэн бүртгэлд оруулалгүй нуун дарагдуулсан давхар илрэв.

Тиймээс цагдаагийн байгууллага хойшлуулалгүй арга хэмжээ авч дотоод албаны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд  прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналыг хүргүүлжээ. Ямартай ч хоёр жилийн өмнө болж өнгөрсөн цагдаагийн алба хаагчийн ёс бус үйлдэл бичлэгээр ил болж, ийнхүү холбогдох хуулийн байгууллагад шилжүүлснээр эцсийн байдлаар мухарлахаар болж байна.

Гэтэл эл хэрэгтэй холбогдуулж, хамгийн их харамсаж байгаа хүн нь Хуулийн сайд Х.Нямбаатар бололтой. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” хэмээн өөрийн цахим хаягтаа бичжээ. Түүний ингэж харамсах нь ч аргагүй юм. Учир нь, Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэдэг үндэслэлээр “Шилдэг яам”-аар шалгарсан нь саяхан.

Нэг үгээр 2020 оны амжилтаараа төрийн захиргааны төв байгууллагуудаа манлайлсан тул “Шилдэг яам”-аар шалгаруулж, цом, батламж олгосныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, салбарын сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарт гардуулсан байдаг. “Шилдэг яам”-аар тодруулсан шалгуур, болзлын дунд Хуулийн сайдын шууд удирдлагад байдаг Цагдаагийн ерөнхий газар тэргүүтэй харьяа газруудынх нь ёс зүйн хэм хэмжээ багтсан л байж таарна. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын өөрийгөө өмгөөлөх нь ЗӨВ байхаас ч аргагүй. Монгол Улсын "Шилдэг яам"-ыг толгойлдог сайдын шууд удирдлагад байдаг байгууллагаас ч тийм ёс зүйгүй үйлдэл гарахгүй. Өөрөөр хэлбэл, өмнөх сайд Ц.Нямдорж л буруутай болж таарах нь. 

Г.Эрхэс