Б.Буянтогтох: "Арбидол"-ыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй

"Ковид-19"-ийн халдвар болон томуу, томуу төст өвчний эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэдэг "Арбидол" эмийн талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох холбогдох мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Арбидол эмийг өргөн хүрээтэй вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байна. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Цаашдаа ч хэрэглээд явах байх. "Ковид-19"-ийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан. Халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш. "Арбидол"-ыг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болох, болохгүй хүн гэж байна. "Арбидол"-ыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй. 

ДЭМБ-аас халдварын эсрэг энэ эм л үйлчилнэ гэдгийг хараахан зарлаагүй. "Арбидол" гэдэг эмийг зарлаад байж болохгүй. Дэлхий дахинд тогтмол эмнэл зүйн удирдамжууд шинэчлэгдээд явна. Манай улсын хувьд энэ сарын 6-нд удирдамжаа шинэчилсэн. Онцлог нь "Арбидол" гэдэг эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэсэн ангиллаас гаргаад ерөнхий ангилал руу оруулсан. "Арбидол" эмийг коронавирус болон томуу, томуу төст өвчний үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Бүх эм элгэнд очиж цэвэршдэг. Зарим эм аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол байдаг. "Арбидол"-ын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэлтэй. Заавал эмчийн заалтаар хэрэглэнэ" гэлээ.