Ц.Билэгсайхан: S уургийн алдагдлаар нь оношилж байна

Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит мэдээллийн үеэр "Ковид-19" халдварын мутац хувилбарыг илрүүлэх шинжилгээг эх орондоо хийх мэргэжилтнүүдийг Япон улсад суралцуулан бэлтгэсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2021 он гарсаар халдварын гурван давлагаатай нүүр туллаа.Аль вирус зонхилж байгааг буюу хувилбарын тандалтыг ХӨСҮТ-д хийдэг. Эхний давлагааны үед зөөвөрлөгдсөн тохиолдлууд B1.1.1.294  болон өөр бусад гурван төрлийн мутац, харин дотоодод тарсан халдвар нь B.1.1.46 мутацаар үүсгэгдсэн. Эдгээр мутац нь нэршил аваагүй, ДЭМБ-ын стандартаар дугаарлагдаад явсан. Хоёрдугаар давлагааны үед альфа хувилбар зонхилсон. Гуравдугаар давлагааны хувьд дельта вирусээр үүсгэгдсэн.

Хувилбарын тандалтыг хийх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт PCR-д түшиглэн тодорхойлдог. Шинэ хувилбар ч PCR шинжилгээгээр оношилдог. S уургийн алдагдлаар нь оношилж байна. Хоёрдугаарт генийн дарааллаар нь илрүүлэх бөгөөд хоёр өөр аргаар гаргасан үр дүнгээ харьцуулж баталгаажуулна.

ХӨСҮТ-ийн баг арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн Чингис хаан нисэх онгоцны буудалд хилийн тандалт хийж эхэлсэн. Одоогоор 10 гаруй нислэгийг хүлээн авч, тандалт хийгээд байна. Нийт 1,400 гаруй зорчигч ирсэн. Зорчигчдоос ирсэн даруйд нь түргэвчилсэн шинжилгээ авахад дөрвөн эерэг тохиолдол гарсныг тусгаарлан PCR шинжилгээ авахад хоёр хүний онош эерэг болох нь батлагдаад байгаа. Эерэг батлагдсан тохиолдлуудад хувилбарын тандалт шинжилгээ хийдэг. Хоёр эерэг тохиолдол дельта хувилбараар өвчилсөн болохыг тогтоосон. 

Мөн Алтанбулаг, Цагааннуур, Боршоо гэх мэт орон нутгийн боомтууд дээр НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн багууд, орон нутгийн хилийн мэргэжлийн хяналт гаалийнхантай хамтраад үйл ажиллагаа явуулж байна" гэв.