Г.Амартүвшин: Иргэд эрсдэлээ өөрсдөө хүлээнэ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны намрын ээлжит чуулганаар батлуулсан хуулиудаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг онцоллоо.

Тэрбээр "Дэлхий дахинд өргөн тархаж буй блокчэйн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол Улсад ч өргөн дэлгэрч ялангуяа сүүлийн саруудад виртуал хөрөнгийн арилжааны платформын тоо ихээр нэмэгдэж, койн, токен гаргах нь олширч, олон нийтээс хөрөнгө татахын зэрэгцээ иргэд, олон нийт эдгээрт хөрөнгө оруулах сонирхол нь өсөн нэмэгдсээр байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид өртөх, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлага үүссэн болохыг дурдаж байв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь виртуал хөрөнгийн зах зээл дээр үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүнтэй холбоотой эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон суурь харилцааг зохицуулсан анхдагч хууль юм.

“Виртуал хөрөнгө” гэх нэр томьёог хуульд тодорхойлсон ба эдийн бус хөрөнгөд хамааруулахаар зохицуулсан. Гэхдээ виртуал хөрөнгө нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш юм.

Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын (хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологитой холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн болон эрсдэлийг бууруулах, удирдах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх зэрэг) болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журмуудад заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна.

Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан дээрх журмуудаар тодорхойлсон үүрэг, шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн тохиолдолд үйл ажиллагаандаа харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулах буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлага, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, хязгаарлалт тогтоох, түр зогсоох зэрэг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулан зохицуулалтыг тусгасан.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэдгийг тэрбээр онцлоод “Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх түүнчлэн виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болох тул тухайн хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана” гэв.