А.Сүхбат: Яагаад зээл авч болохгүй гэж

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий компани 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч хуваарийн дагуу эргэн төлөлт хийхгүй явсаар өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгт хүрээд буй. Уг асуудалтай холбогдуулж, тэрбээр мэдээллийн Зариг.мн сайтад тайлбар өгчээ.

Тэрбээр "Миний аж ахуйн бизнес, хамт олон, төрөл садны холбоотой хүмүүсийн ажил амьдрал намайг гишүүн болсон болохоор зогсох ёстой гэсэн юм байхгүй. Гишүүн байхаасаа ч өмнө тэгж явсан. Зээлээс зээлийн хооронд явдаг. Нэг амбаар барих ямар хэцүү гэдгийг ойлгох ёстой. Миний хувьд ЖДҮ-ийн зээл аваагүй. Миний ах, дүү, амраг санад яаж амьдрахыг би заахгүй. Аливаа ажил амьдрал, аж ахуйн нэгж зээлээр явна. Хоорондын зээлийн гэрээгээр бүх ажил явна.Барьцаа хөрөнгөө тавина. Зээл авч яагаад болохүй гэж. 

Асуух юмаа тухайн байгууллагаас нь асуу. Ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Зориулалтын дагуу ашигласан эсэхийг очоод шалга. Юу ч бариагүй юм шиг хардлага төрүүлэх ёсгүй. Миний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой бичсэн. Ямар хувьцаа эзэмшиж байгаа нь тодорхой. Одоо бол УИХ-ын гишүүн биш. Бүтээн байгуулалт явж байна. Үр дүнд гарч байна. Үүний цаана 20 мянган хүн, 14 мянган жолоочийн асуудал яригдаж байна" гэсэн юм. 

Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ЖДҮ-ээс 800 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компанидаа олгуулсан нь олон нийтэд ил болж байсан удаатай.