Д.Монголхүү: Шаардлагатай бол Х.Баттулгын асуудлаар АНУ, Европын холбоонд хандана

МоАХ-ны дарга Д.Монголхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга С.Эрдэнэ, гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс МоАХ-ны V Их хурлыг хийж, даргаар нь Д.Монголхүүг сонгоод байгаа юм.

Тэрбээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга олон гэмт хэрэг үйлдсэн. Цагдаа, Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага руу хүсэлт өгч байна. Бүрдүүлсэн материалын хүрээнд хяналт шалгалтыг хийхгүй бол АНУ-ын хууль хүчний байгууллага руу энэ материалыг явуулах болно. Шалгаж, хянаж, мөрдөж чадах газар гэж бий. Холбогдсон хэргийн материалын баримтыг бүрдүүлсэн. Олон улсын шинж чанартай хэргүүдэд холбогдсон учир АНУ, Европын холбоо руу хандах эрх нээлттэй.

МоАХ-ны хурлаар удирдлагаар ажиллаж байсан Х.Баттулгын хэд хэдэн асуудал ил болсон. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа холбоо удирдсан, Хөгжлийн банкнаас зээл авсан. Мөн ардчилсан холбоог 2015 онд төрийн бус байгууллага гэж шинээр байгуулсан байх магадлалтай. Гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлыг шалгаагүй нь хууль хүчний байгууллагад ч асуудал байгааг харуулж байна. Гэм буруутай эсэхийг шийдээд өгвөл асуудал байхгүй. Тэрбээр 16 жил МоАХ-г удирдаж байна. Энэ АН-тай холбоотой асуудал биш. Тусдаа зүйл. Нийгэм, улстөрийн орчныг цэвэрлэх цаг болсон. Хэн дуртай нь гэмт хэрэг хийж, харьяалал бүхий байгууллагын нэр хүнд нь шалаар нэг унаж байгаа нь буруу. Тиймээс бид нэг л шаардлага тавьж байна. Жирийн иргэдэд хэрэг үүсгэж шалгахдаа сайн. Харин эрх мэдэл бүхий хүмүүсийн эрх дарх нь бат хэвээр байдаг. Хэрэг хийсэн хүн л бол хэн байхаас үл хамаарч хариуцлага хүлээх хэрэгтэй. Бид энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл эцсийг нь үзэх болно" гэлээ.