Амаржсан эмэгтэйн өмнө амаа цэгнэж яваарай

Эх хүн... Амьнаасаа амь тасалж хүн бүтээсэн агуу ертөнц. Арван сар хэвлийдээ тээсэн халуун амийг төрүүлэхдээ эмэгтэй хүний эрүүний яснаас бусад нь салдаг гэдэг... Гэвч үгээр илэрхийлшгүй аз жаргалын өвдөлт, амьдрал бэлэглэх торгон агшин хэмээн бодно. Бяцхан үрээ энгэртэй тэвэрч, ангир шар уургаа амлуулах мөчийг зөвхөн эмэгтэй хүн ээжүүд бид л мэдэрдэг нь хамгийн сайхан. Хийсвэрээр төрсөн ээжүүд  хэд хоног хагалгааны шархандаа зовиурлана. Харин өөрөөрөө төрөхдөө урагдалттай төрвөл оёо тавиулхаас ээж хүний жаргал, зовлонгийн босгыг даван туулна.  

Амьдрал болсон хойно алаг эрээн. Хүн бүхний амьдрал харилцан адилгүй байдаг. Хажуудах хань нь халамжилдаг нэгэн байхад хар шөл хийгээд өгөх сэтгэлгүй нь ч бий. Шинэ хүнээ угтаж авсан өдрөөс хойш бүтэн нойртой хонох шөнө үгүй болно.  Өдөр шөнөгүй үрээ асарч өөрөө амрах завгүй. Хөхөндөө сүү оруулахын тулд амт шимт сайтай бүхнийг иднэ. Тэр хэрээр таргалалт явагдана. Түүний хажуугаар сэтгэлийн гутралд өртөнө. Өөрийгөө үл хайхарна. Үсээ толгой дээрээ овоолж боосон бүсгүй нүүрэнд нь сэвх тогтож, ядаргаанд орсон ч хэнд ч үүнийгээ хэлж чадахгүй. Учир нь "Би хүүхдээ харж халамжилж өсгөх ёстой" гэж бодно. Үрийнхээ үнэгчлэх, ганганах дууг сонсохдоо хорвоогийн хамгийн аз жаргалтай ээж гэдгээ мэдэрч хайрлах сэтгэл нь дээд цэгтээ хүрнэ.

Өдөр хоног урсан өнгөрч өөдөсхөн үр том болсны дараа эргэлтийн цуваа ар араасаа цуварна. Мэнд мэдэж орж ирсэн найз, хамаатан, ажлын хамт олон эхлээд хүүхэд дээр фокуслаж,  аавыгаа эсвэл ээжийгээ дуурайсан байна хэмээн ам уралдан ярина. Төрөөд удаагүй байгаа эмэгтэйг дараагийн ярианы сэдэв болгоно. "Хөөх чи ямар аймар таргалсан юм. Дэлбэрчихсэн байна ш дээ. Наад бие хаадаа анхаарал хандуулаач. Нүүр амаа хар. Хүүхэд гаргасан гээд ингээд өөрийгөө хаячихаж байгаа юм уу. Уг нь чи ийм байгаагүй дээ. Хөхөндөө сүү оруулах гэж хамаа замбараагүй гахай шиг идээд хэвтээд байвал бүр л их таргална шүү" гэж хээв нэг хэлнэ. 

Бүтэн нойртой хонож, бүлээн цайгаа ууж амжихгүй байгаа хүнд өөртөө анхаарал тавиад толины өмнө эргэлдээд, дасгал хөдөлгөөн хийх зав гарах уу. Бодох л асуудал. Хүний амьдрал харилцан адилгүй байдаг шиг хань нь ч мөн адил тийм л байдаг.  Удмыг минь үргэлжлүүлэх үрийг минь гаргаж өглөө гэсэн сэтгэлээр хандаж, ханийгаа хайрлаж халамжилдаг эр хүн байхад  хүүхдийнхээ уйлах дууг сонсоод цааргалан ууралдаг нь байдаг юм шүү.

Эмэгтэй хүн жирэмсэн болоод хүүхэд төрөх явц хүртэл 10-25 жин нэмдэг гэх судалгаа бий. Түүнээс ч илүүг нэмж болно. Төрсний дараа тэр хэрээр жин хасахгүй. Тиймээс та бүхэн төрөөд удаагүй нэгнийгээ эргэж очихдоо элдэв үг хэлж, сэтгэлийн хямралд орсон "шинэхэн" ээжийн сэтгэлийг бүү сэвтээгээрэй.  
Хэвлийд нь тархи бүрэлдэж, энгэрээс нь сүү гарч, амьнаасаа амь тасалсан ижий бурхдыг хайрлаж, хүндэтгэж яваарай.

                                                                                                                                                      С.Ичинхорлоо