Б.Болор-Эрдэнэ: "Цахим Үндэстэн” болоход стратегийн зургаан зорилт дэвшүүлсэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон төдийгүй уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, банк санхүү гэх мэт бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур хүчин зүйл болон хөгжиж байна. Үүнтэй холбоотой дэлхийн хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу шилжиж байгаа ажээ

Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгосон бөгөөд “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг өнөөдөр /2022.03.17/ Туушин зочид буудалд зохион байгуулж байна.

Тус форумыг нээж, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зорьж, тэмүүлж байгаа иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи бөгөөд салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болсон гэдгийг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан юм. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар, монголчууд “Цахим Үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтууд хэрэгжсэнээр

  • 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95 хувь интернэт ашигладаг, хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг
  • Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал 4 дахин өсөж,
  • 5G технологийн нэвтрэлт 70 хувьд хүрч,
  • Харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.

Мөн цахим засаглалын олон улсын индекс 10 хувиар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50 хувьд хүрнэ гэж харж байгаа ажээ.

Цахим хөгжлийн хурдасгуур форумын үеэр Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөллүүд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын  орчин, дижитал эдийн засгийн хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм.