Эрүүл мэндэд тустай ЭКО УГЛААШ

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Л.Батдалайг урьсан юм. Хөвч тайга хосолсон Хөвсгөл аймагт төрж өссөн тэрбээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж өнгөлөг загварлаг эсгий углаашийг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулж, урлаж байна. Найман хүүхэдтэй айлд хүмүүжиж, хүүхэд байхдаа хөдөлмөрийн амтанд орж, ээжийнхээ өмсөхгүй юбкаг эвдэж, хоёр дүүдээ өмд оёж өгнө. Хөдөлмөрийн хичээлдээ шимтэн суралцаж, багшаараа хэрхэн оёж, нэхэх аргачлалыг заалгажээ. Ноосон утсаар ороолт нэхсэн нь түүний анхны бүтээл. Эмээ нь машин дээр оёхыг зааж өгч, эсгэж, эмжсэн даавууг зааварчилгааны дагуу машиндаж, дан дээл оёход өөрийн хувь нэмрийг оруулж байсан гэнэ.
"Ороолтоо нэхэж дуусаад багшдаа үзүүлэхэд магтаад онц дүн тавьж байлаа. Анх гар машин дээр оёж сурсан. Эмээ зааж, зөвлөөд машиндуулаад байсан. Тухайн үед юу хийж байгаагаа ч ойлгоогүй. Дууссаны дараа эмээ товч, шилбээ хадаад өмсөж харуулахад нь эсгэсэн дээлийг холбож оёсон юм байна гэж ойлгосон. Дөрөвдүгээр ангидаа оёж сурсан" гэв.

No description available.
Л.Батдалай 2000 оноос эсгий углааш хийж эхэлжээ. Төрсөн эгч нь "Скай" их дэлгүүрийн гар урлалын тасагт ажилладаг байсан нь углааш хийх санал тавихад хүргэсэн байна. "Жуулчид эсгий углаашийг их сонирхож, авдаг юм байна. Чи хийгээд үз" гэх саналыг Улаанбаатарт ирээд удаагүй байсан дүүдээ тавив. Тухайн үед жуулчид үндэсний хээтэй, тэмээний зурагтайг голчлон худалдаж авна. Тиймээс тэр загвараар нь хийж, худалдаанд гаргадаг байжээ. Анхны загвар алдаатай бүтсэн ч арга барилаа олж, эсгүүр болон загвартаа ач холбогдол өгч сайжруулсаар өнөөдөр өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох эсгийг торгоор бүрж, чимэглэсэн нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцжээ. "Хийж эхэлж байхад жуулчид авахаас гадна Орос руу гаргана. Дундуур нь Францад очиж, дөрвөн жил амьдрахдаа углаашаа урлах ажлаа түр зогсоосон. Амьдарч байгаа орныхоо ахуй соёлыг судалж, гар урлалын бүтээлийн үнэлэмж өндөр ч өнгө загвартаа ихээхэн анхаарал хандуулдгийг мэдсэн. Тэгээд эх орондоо ирээд углаашныхаа хийц, загварыг өөрчилж, жуулчдад биш монголчуудынхаа хэрэглээнд нийцсэн углааш хийхийг зорьсон. Чийг татдаггүй, бөөсрөхгүй байхын бодолцож, эсгий углаашаа өнгө өнгийн торгоор бүрсэн. Ингэснээр бөөсөрч, сунахгүй. Өнгөлөг учраас хүн бүхэнд таалагдсан" гэв.
Углааш хийх ажил материал худалдан авахаар Нарантуул захыг зорино. Эсгий, хиймэл арьс, торго утас зүү хэрэглэнэ. Авсан материалуудаа гэртээ авч ирж хар зураг гаргаж, эсгүүрээ хийнэ. Эсгийг оёдог зориулалтын зузаан машинаар оёсны дараа гар ажиллагаа руу шилжинэ. Ирмэг, гоёл чимэглэлээ оёсноор эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, эзэндээ очдог. Оёдлын машинаар ч тэр гараараа ч маш сайн ширж оёхгүй бол эдэлгээний явцад элэгдэнэ. Тиймээс оёдолдоо ихээхэн анхаарал хандуулдаг байна.

No description available.
Франц руу явахдаа хэрэглэж байсан бүхий л тоног төхөөрөмжөө зарчихсан учраас хоёр жилийн өмнө ажлаа дахин эхлүүлэхдээ хоёр оёдлын машин, материал худалдан авчээ.
Интернэт орчин хөгжсөн өнөө үед өөрийн урласан углаашаа фэйсбүүк болон Dalai"s Handmade пэйж хуудсаараа борлуулдаг байна. Цахимд тавихад хүргэлтээр авъя гэсэн хүмүүс олон байсан тул орой нь түүнийгээ хийнэ. Нэг худалдан авалт хийсэн хүн дахин дахин холбогдож, ойр тойрныхондоо худалдан авч бэлэглэнэ. АНУ болон Франц руу захиалгаар авна. Одоогоор эрэгтэй, эмэгтэй, хүүхдийнх 18-45 хүртэлх хэмжээтэй хийж байна. Импортын углааштай харьцуулахад чийг татдаггүй давуу талтай. Хөнгөн дулаахан хүний биед эерэг нөлөөтэй эко бүтээгдэхүүн. Углаашийг зургаан сар хэрэглээд солих ёстой байдаг ч хүмүүс төдийлөн ойшоодоггүй. Жилийн хэрэглээгээ хангадаг гэнэ. Үнэлгээний хувьд 20-25 мянган төгрөг. Орон нутгаас ч захиалж хийлгэнэ. Замын унаанд дайгаад явуулахад тосч авчихаад өмссөн зургаа илгээж, талархсан сэтгэгдэл бичдэг нь хамгийн сайхан санагддаг гэв. Хоёр жил тууштай хийсэн тэрбээр 5000 орчмыг оёжээ.
Л.Батдалай өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж үндэсний хэмжээний брэнд болгож, ажил олгогч болох зорилготой хөдөлмөрлөж байна. 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/Dalais-Handmade-112615933756036 пэйж болон 99711014  99919946 дугаараар холбогдоорой.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.