Жолооны курсууд үгсэн хуйвалдсан уу?

2020 онд жолооны курс 250-280 мянган төгрөгийн төлбөртэй байлаа. Цар тахал гарч, хөл хорио тогтоосноос шалтгаалж, хэсэг хугацаанд ажиллахгүй байсан тэд амьжиргаа, амь зуулга тасалдлаа хэмээн хэвлэлийн хурал ч хийж байсан удаатай. Төлбөр авсан хүмүүсээ төгсөхөөсөө урьтаж тэд дараагийнхаа хүмүүсийг сургаж, хатуухан хэлэхэд хэдэн төгрөг халааслахдаа анхаарал хандуулсан гэхэд хилсдэхгүй. Үйл ажиллагаа зогсонги байсан орлогогүй тэг зогсолт хийснийхээ хариуг тэд энгийн иргэдийн халааснаас гаргаж, ашиг унагах амин хувийн үзлээр хандаж хоёрхон жилийн хугацаанд 600 мянга болжээ. Дахиад ч нэмнэ гэх сүржин үгээр далайлгаж жолоонд суралцаагүй хүний сэтгэл зүй дээр тоглолт хийж байна.
250-280 мянга байсан жолооны курсийн төлбөрөө 600 болгож, үнийг хөөсрүүлэв. "Манай төлбөр 600 мянга. Удахгүй 800 болно" хэмээн дуу нэгтэйгээр хэлж байгааг харахад үгсэн хуйвалдсан гэж хардаж болохоор. Хүмүүсийн сайн мэддэг хэдхэн авто сургууль руу холбогдож үнийн мэдээллийг асуухад  "Билгүүн Тулга" 600, "Бат Хүлэг" 600, "Анх-Од" 600, "Уран жолоо" 600, "Мандах" 600, "Их хурд" 600 "Энх орчлон хүү" 600 гэв. Ямар шалтгаанаар төлбөр их хэмжээгээр нэмэгдэснийг лавлахад "Бүх юмны үнэ нэмэгдэж байхад бид нар яахаараа нэмж болдоггүй юм. Удахгүй 800 мянга болно" гээд тавлаж байх юм. Анхаарал татсан асуудал нь бүх жолооны курс үнээ өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд нэмцгээсэн гэцгээх. Нэгэн зэрэг нэмснийг харахад тэд хоорондоо тохиролцсон нь тодорхой. Хэрэв хямдхан төлбөртэй курс байвал иргэд тэнд л очиж сууна. Тиймээс бүгд адилхан үнэлгээтэй байх зарчим баримталдаг бололтой. Ихэнх жолоо 14-45 хоног хичээллэдэг. Дүрмийн хичээлээ онлайнаар үзэж болно. Харин хотын жолоонд цаг заваараа суух боломжтой гэсэн хариулт өгч буй нь суралцагчаас төлбөр авчихсан л бол сургах гэж шахаж шаардадгүй нь харагдаж байгаа юм. Сайн суралцаж чадаагүй хүн жолоо барих эрхтэй болчихвол дагаад гарах аюул эрсдэл их. Муугаар бодъё. Арын хаалгаар төгссөн нэгэн аваар осол гаргахад нэг хүний цаана хэдэн хүн хохирох вэ. Дүрмээ мэддэггүй жолоочоос болж хүний алтан амь, зам тээврийн аваар осол олон бүртгэгдэж, мөрөөрөө явсан хэн нэгэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог. Тэгвэл эл байдалд хэн хяналт тавих вэ?

 С.Ичинхорлоо