Вакцин андуурч хийсэн иргэдийг ХӨСҮТ-д авчирчээ

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад сүрьеэгийн вакцины нэг хүнд хийх тунг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр андуурч хийсэн хэрэг гарсан. Энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр" Өчигдөр вакцин андуурч хийлгэсэн иргэдээс долоон иргэнийг  ХӨСҮТ-д авч ирсэн. Тухайн иргэдэд тарилга андуурч хийсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй. Эдгээр иргэний гурав нь архаг суурь өвчтэй, өвчлөл нь өмнө байсан түвшиндээ байна. Хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан, үрэвсэл өндөр байгаа. Одоогоор биеийн байдлыг хүнд, хүндэвтэр гэж үнэлэх нөхцөл байхгүй. Хавсарсан эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийсэн. Андуурч хийсэн вакцинаас шалтгаалан хавсарсан суурь өвчин хүндрэх вий гэдэг талаас нь анхааран ажиллаж байгаа. Тухайн иргэд галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлгүй гэдэг үнэлгээг урьдчилсан байдлаар хийгээд байна. Мөн сүрьеэ өвчний түгээмэл хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл маш бага гэж хэлж болно. Гэвч гарч болох эрсдэлийг тооцоолж төв байгууллагад авч ирж хяналтад авсан байгаа" гэлээ.