Зангиа зүүж, гутлаа тослоод хил давсан Ерөнхийлөгч!
Өнгөрсөнд тэр улсын нууц задруулсан хэрэгт нэр холбогдохдоо өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний албаа хүлээлгэж өгчихөөд шалгуулж байв. Өчигдөр түүнийг Тавантолгой орд тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбоотой гэж үзсэн Улсын Ерөнхийлөгч нь нэр цохоод Ерөнхий прокурорт шалгуулахаар хандахад ч “Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа хэмээгээд АТГ-т очиж мэдүүлэг өгөөд гарч ирж байлаа. Монгол Улс тайван замаар ардчиллыг сонгоход, түүнийхээ үр дүнд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх язгуур эрхийг хангах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь шударга хуулийн засаглал гэж итгэсэн дээ тэр байх. Өөрөө ч онцолдог л юм, “Сайн төрийн эцэг бол шударга ёс. Сайн төрийн эцэг бол хуулийн шударга хэрэгжилт” гэж. Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр хоёронтаа сонгогдон ажилласан, басчхүү “Авлигыг бульдозeрдoнo” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны индрээс мэдэгдэж явсан улстөрчийн амнаас гарах л үг, хэлэх л байр суурь.
Гэвч өнгөрсөнд, өчигдөрхөн өөрийн бүтээж ирсэн, заримд нь голлох нөлөөтэй явсан шударга хуулийн засаглалаасаа өнөөдөр тэр татгалзаж орхилоо. Хуулийн засаглалдаа итгэсэнгүй юу? эсвэл өөрийнх нь бүтээж, босгосон гэх “Хонгил”-оор орохыг хүссэнгүй юү? хэлж мэдэхгүй. “Гуя дагуулж хүзүү гэгч болж хөө. Тодрууллаа. “Найз нь 20 тэвш нүүрс гаргалаа. Мөнгөө авч чаддаггүй ээ. Данс хаачихлаа. Танайхаар дамжуулаад олж авмаар байна” гэж. Нөгөө нь “Тэгээ” гэж. Бусад нь зохиол. Үнэн гутлаа углаж байхад, худал дэлхийг тойрдог гэж…” хэмээн хилийн чинадаас мэдэгдээд сууж байх юм. Угтаа бол Тавантолгой ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ, Засгийн газрын шийдвэр тодорхой бүлэглэл, товчхондоо Х.Баттулга гэдэг хүний ашиг сонирхолд хүлэгдэж, дөнгөлөгдөн нийгмээрээ толхилцож суухад өрөөндөө дуудаад "Улсын эрх ашиг нэгдүгээрт шүү!" гэдгийг сануулж, бас жавтий хүртээж байсан хүн нь тэр.
Нэгэн цагт ОХУ-ын мэдэлд явсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил нь эх орондоо авчирсан тэр үеэс Монголын парламентад үнэмлэхүй олонхийн статустай болсон МАН-ын 65 гишүүнтэй улаан нүүрээрээ сөргөлдөж, “Дэлхий нийтээр Монголын төр хувийн өмчийг нийгэмчиллээ гэж ярьж, бичнэ” хэмээн эгдүүцэж явсан Төрийн тэргүүн нь тэр. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэмд ч, улс төрийн хүрээнд ч хамгийн анхаарал татаж ирсэн нүүрсний хулгай гэх асуудлаар УИХ-ын хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй Нээлттэй сонсголд тэрбээр ирсэнгүй. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд нь Ерөнхий прокурор ажиллаж байгаад Хуулийн сайд болсон Д.Дорлигжав тэргүүтэй улстөрч, албан тушаалтнууд оролцож, орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид хамаарах асуудлаар холбогдох тайлбарыг гэрчийн статустайгаар өгцгөөв.
Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлснээр “Женералтек” нэртэй компани 2013 онд жижиг “Тавантолгой”-той 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсны ард Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар нэгдмэл ашиг сонирхолтой байгааг шинжээчийн дүгнэлтээр нотолсныг баримтаар тавьсан. Ингэхдээ “Женералтек” компанийн эцсийн өмчлөгч болох Х.Болдбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү гэдэг нь Сонсголын үеэр ил болсон юм. Өдгөө тус компанийг Х.Болдбаатарын хүү Б.Батболд 100 хувь эзэмшиж байгаа юм. Харин Б.Батболд нь Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Д.Баатартай “Глобал аппарел лимтед” компанийг хамтран эзэмшдгийг бүртгэлийн мэдээллээр нягталснаар тогтоожээ. Үндсэндээ Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдоржид хамаарах Тавантолгой ордтой холбоотой 178 хуудас баримтыг Ерөнхий прокурорт өөрөө гардуулж байсан нь тэгсхийгээд замхарсан бол энэ удаад бас нэгэн факт бүхий асуудлыг Нээлттэй сонсголоор гаргаж тавьсан ч, тэрбээр гадаадад байгаа гэх шалтгаанаар оролцсонгүй.
Сануулахад, Хөгжлийн банкны Нээлттэй сонсголын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсаны дагуу тэрбээр оролцож, холбогдох тайлбарыг өгч байв. Үүн шиг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Нээлттэй сонсголд гэрчээр дуудахтай зэрэгцэн түүнийг тойрсон олон асуудалд хариулт нэхсэн ч тэрбээр хэдийнэ хил даваад одсон нь асуултын тэмдэг хэвээр үлдлээ. Угтаа бол Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үеэс өөр рүү чиглэсэн Тавантолгойд хамаарах зарим асуудлаар холбогдох тайлбарыг өгч, олон нийтийн эргэлзээг тайлсан бол гоё харагдах байв. Өөрийнх нь хэлснээр зангиагаа зүүгээд, гутлаа тослоод л очих асуудал шүү дээ!
С.Сүлд