Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
ХЗБХ: Ажлын хэсгүүдийг байгуулав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг ажиллах бөгөөд ирэх долоо хоногт төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулахаар тогтов.
Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар төсөл санаачлагчаас тодруулга хийсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргав. Эл горимын саналыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 10 нь дэмжсэн тул холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр баталсан юм. Энэ хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар ажиллах юм.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар хэлэлцэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Б.Энхбаяр гишүүн, ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төслүүдийн хэлэлцүүлгийн шатанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх зохицуулалтад анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас Эрүүгийн хуулиар зохицуулагддаг байсан ажлын байрны дарамтын талаар асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болсон талаарх шүүмжлэл ирүүлээд байгаа талаар Д.Цогтбаатар дарга хэлээд ажлын хэсгийн хүрээнд энэ талаар судлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 86.7 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал дээрх ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахшиг нар ажиллана.
Хуралдаанаар мөн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нар ажиллана.




