Л.Мөнхтүшиг: Хүмүүсээ мэргэжлийн байлгах талаар яам онцгой анхаардаг
Г.Тэмүүлэн, Олон улсын нөхцөл байдал тааварлашгүй, ээдрээтэй байна. Дипломат албаа бэхжүүлэх тал дээр анхаарч, бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, ахмад дипломатчдынхаа үгийг сонсдог болж, мэргэжлийн бодлого, судалгаанд суурилсан бодлогыг гаргадаг байх асуудлыг хөндөж тавьж байсан хэмээн сануулаад, ирэх жилүүдэд бий болох бодит харилцааны цаг үед Элчин сайдуудын томилгоог ямар бодлоготойгоор оруулж ирэхийг лавласан.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Дипломат албыг бэхжүүлэх хүрээнд, ялангуяа томоохон гүрнүүдийн маргаан зөрчилдөөн хурцдаж байгаа энэ үед манайх шиг хөгжиж байгаа орны хувьд улс төр, дипломатын аргаар аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Яамны хувьд хүмүүсээ мэргэжлийн байлгах дээр онцгой анхаарч ажиллаж байна.
Энэ онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлуудаа хийгээд, төслөө боловсруулаад явж байна. Дипломат албыг бэхжүүлэх ёстой гэдэг саналыг бүрэн хэрэгжүүлж ажиллахын төлөө байгаа. Энэ хүрээндээ дипломат албаны шалгалтуудыг хатуу хяналтын дор Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Элчин сайдуудын томилгооны хугацаа дуусахаар Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Элчин сайд нарын томилгооны асуудлыг оруулж ирнэ. Бид бүх томилогдож байгаа хүмүүст өндөр шаардлага тавьж, хуулийн дагуу шалгалтуудаа аваад явж байгаа гэлээ.


