"Янжуур тамхины татварыг тэглэснээр оршуулгын газрыг нэмнэ"
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын С.Эрдэнэболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан бөгөөд тухайн хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг онцлов.
Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа тамхины онцгой албан татварын асуудал, тамхины хэрэглээнд хяналт тавих, хэлэлцээрийн биелэлтэд гурван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, үнэлгээний тайланг Улсын Их Хуралд танилцуулах “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, батлуулах санал гаргасныг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тогтоолын төслийг анхны хэлэцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд тамхи, тамхин бүтээгдэхүүн, ялангуяа янжуур тамхины татварыг тэглэснээр оршуулгын газрыг нэмнэ гэдгийг анхааруулав. Тэрбээр нийгмийн эрүүл мэнд, иргэдийнхээ амь насыг тамхины хор хөнөөлөөс хамгаалахад сөрөг үр дагавар үүсгэх хэлэлцээрийн нөхцөл байсныг дурдаад Засгийн газрын алдааг засахаар Улсын Их Хурлын тогтоолоор чиглэж өгч буй нь энэ гэв.
Ингээд Байнгын хорооны гаргасан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.