Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ орох, байх газаргүй болсон гэдэг нь тодорхой болж байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдаас 500 мянган ам.долларын авлига авсан хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Б.Энхбаяр сайд хариу тайлбар өгчээ. 

Тэрбээр "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлгийг үзсэн. Эхлээд намайг 500 мянган ам.доллар авсан гэж ярьчихаад хэдхэн хормын дараа 1.5 сая ам.долларын хахууль авсан гэсэн. Хахууль авч байхад хажууд нь нэг хүн байсан гэж байна лээ. Тэр хүн нь гуйсан болохоор гээд тухайн хүнийхээ нэрийг хэлээгүй. Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Ийм хүн гэж байхгүй, ийм мөнгө ч байхгүй.

Өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж ямар зорилгоор, яагаад ийм юм ярив гэдэгт дүгнэлт хийж байна. Энэ хүн орох, байх газаргүй болсон гэдэг нь тодорхой болж байна. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байна. Өнгөрсөн оны намар телевизийн нэвтрүүлэгт орохдоо тодорхой асуудлыг ярьсан. Тэр үеэр энэ хүний үгэнд итгэхээ больсон гэдгээ хэлсэн. Учир нь цуг сууж байгаад юм ярихаар худлаа яриад байдаг. Дотроо нь өөртэйгөө зөрчилдсөн 2-3 хүн байх шиг байгаа юм" гэсэн юм.