Зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ

Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эхийг барьж ажилладаг зөвлөхүүд болон албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх цуврал сургалт, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдвээр эхэлж, дараа нь “Хууль тогтоох үйл ажиллагаа ба дизайн сэтгэлгээ” хичээлээр үргэлжилсэн юм. Удаад нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, “Хуулийн төсөл боловсруулахад тавих нийтлэг шаардлага, анхаарах зарим асуудал” номын зохиогч Д.Энхгэрэл “Хууль зүйн техник: Хуулийн төсөл боловсруулахад анхаарах асуудал” сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Хууль тогтоомжийн төсөлд тавих агуулгын болон техникийн шаардлагууд, анхаарах асуудлыг тодорхой жишээ, баримтад тулгуурлан ярилцаж, практикт тулгарч буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг xэлэлцсэн энэхүү сургалтын дараа “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”, “Парламентын дархлаа” сэдвээр зөвлөхүүд болон албан хаагчдыг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.

Хуулийн төслийн эхийг барьж ажилладаг зөвлөхүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улмаар хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн энэхүү цуврал сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дээрх сэдвийн хүрээнд Магна Харт батлагдах болсон түүхэн нөхцөл, шалтгаан, агуулга болон түүний орчин үеийн Үндсэн хуульт ёс, парламентат ардчилал, хүний эрхийн тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдлын талаар лекц уншив.

Хууль дээдлэх зарчим (эзэн хаан ч хуульд захирагдах), эрх чөлөөний үзэл санаа нь 811 жилийн дараа ч үнэ цэнээ хадгалсаар байгаа Магна Харт 1215 оны зургадугаар сарын 15-ны өдөр батлагдсан түүхтэй.

Магна Харт буюу Эрх чөлөөний аугаа тунхаг хэмээх энэхүү баримт бичгийг “өнгөрсөн үеийн дурсгал бус, өнөөдрийн амьд эрх зүй” гэж хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болохыг тэрбээр илтгэлийнхээ үеэр тэмдэглэсэн.

Өнөөдрийн сургалтын дараагийн хэсэгт Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Парламентын мөн чанар, онцлог” сэдвээр лекц уншлаа.

Парламентат ёсны үүсэл, хөгжил, дэлхий нийтийн чиг хандлага, орчин үеийн тулгамдсан асуудлууд, гүнзгийрүүлэн судлах эх сурвалжуудыг танилцуулж, хуулийн төсөл боловсруулагч зөвлөхүүдийн үйл ажиллагаандаа анхаараx, харгалзан үзэх шаардлагатай зүйлүүдийг хөндөн ярилцсан.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тогтмол зохион байгуулагдах цуврал сургалт, хэлэлцүүлэг нь “Беккариа: Гэмт хэрэг ба ялын тухай”, “Хуулийн амин сүнс”, “Лон Фуллер: Эрх зүйн ёс суртахуун” сэдвээр үргэлжилнэ.