ГХЯ: Манай улсын иргэн халдвар авсан эсэхийг тодруулж байна

БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл уг асуудлыг Гадаад хэргийн яам тодруулахад дараах хариултыг өгчээ. Тодруулбал, "Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна. Хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөе" гэжээ.

Үүний дагуу Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дээр дурдсан хоёр тохиолдлын нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан болох нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан бол хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байна. Тиймээс халдвар авсан гэх манай улсын иргэний оршин суугаа хотын эрх бүхий байгууллагаас дээрх мэдээллийг гүйцэд тодруулж баталгаажуулахаар манай улсын ЭСЯ ажиллаж байна гэжээ.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр цацагдаж байгаа тул мэдээллийг сайтар нягталж, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.