Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирал асан А.Гантулга, “Бэрэн” групп компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт  хоёрдугаар сарын 13-нд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Учир нь, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлжээ. Энэ дагуу шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  болох өнөөдөр болох байсан ч хойшилжээ. Улмаар ирэх сарын 8-ны 09.00 цагт явуулахаар товлосон байна. 

ТОСК-ийн захирал асан  А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон байдаг. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.доллар хахуульд авсан хэмээн буруутгаж байгаа юм.

Харин гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлснийг АТГ-аас шалгахад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон гэдэг.