Дуучин Б.Амархүүд ногдуулсан хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 19-наас 20-нд шилжих шөнө саатуулагдан шалгагдсан. Түүний уг үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүг гэм буруутай тооцож, хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Уг шийдвэрийг Б.Амархүү эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандахад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан учир прокуророос  эсэргүүцэл бичээд байсан юм. Тэгвэл прокурорын эсэргүүцлийг үндэслэж Улсын Дээд шүүх хэргийг өнөөдөр хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.