Үйлдэл бүрээрээ үрсдээ үлгэрлэж яваа залуу ээж

Ирээдүйн эх орны эздийг өсгөж, хүмүүжүүлж яваа эгэл жирийн ээжүүдийг онцолдог “Завгүй ээж” цувралын зочноор Б.Батзаяаг урьсан юм. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншандын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд ажилладаг. Айл гэрийн эзэгтэй амьдралыг гэрэлтүүлэгч гэгээхэн бодолтой бүсгүй хайрт хань, хөөрхөн дөрвөн үрсийнхээ хамт амьдардаг. Заяаныхаа ханьтай 15 жилийн өмнө буюу 2006 онд танилцаж, хүмүүний амьдралын замналаа эхлүүлжээ.

Харц тулгарч, хайр сэтгэлээр жигүүрлэсэн хос танилцаад удаагүй ч хэнд хэлэхгүйгээр “нууц”-аар байр түрээслэж, хагас сар хаашаа ч гаралгүй хамтдаа байжээ. Түүний дараа хадмындаа хамт амьдарч, гал дээр нь хоёр сайхан ач охин төрүүлж, хорвоогийн хамгийн сайхан “ААВ, ЭЭЖ” хэмээх эрхэм алдрын эзэд болов. Энэ талаар Б.Батзаяа “Анх жирэмсэн болсноо мэдээд айх, гайхах  зэрэгцсэн. Хайр хүргэсэн ямар эгдүүтэй “амьтан” гарч ирэх бол гэж бодохоор маш их догдолж байлаа. Жирэмсэн байхдаа хүүхдээ хэрхэн өсгөх талаар судлаагүй. Хүүхэд гараад ирэхээр эмэгтэй хүн байгалиасаа асрах, арчлах чадвартай байдаг юм шиг санагдсан. Аз жаргалтай жирэмслэлт гэдэг шиг дөрөв төрөхдөө сэтгэл санаа тайван, сайхан  байсан даа” гэв.

Тэрбээр гурван охин дээрээ ямар ч хордлого өгч байгаагүй гэнэ. Хүссэн бүхнээ идэж, унтаж амардаг байсан бол ээжийнхээ энгэрт одон гялалзуулж ирсэн эрх бяцхан хүү дээрээ ч хордлого өгөөгүй учир “охин” байх гэж боджээ. Харин хүсэн хүлээсэн голомт залгуулах нуган үр байсанд гэр бүлээрээ магнай хагартлаа баярласан гэгээлэг дурсамж тэднийх.

Анхны төрөлт бол анхных байдаг юм билээ хэмээн инээмсэглэх Б.Батзаяа өвдөлт өгч байгааг ч мэдээгүй гэнэ. “Эмч үзүүлээрэй гэхээр нь очиход “Хүүе чи өвдөж байна шүү дээ. Яг одоо очиж хэвт гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь их гайхсан. Юу ч мэдэгдэхгүй өвддөг юм байхдаа гэж бодоод төрөх тасагт очсон. Гэтэл төрөхийн өмнөх өвдөлт маш хүчтэй болоод минут ойртох тусам нэмэгдсэн. Тухайн үед яасан айхтар өвдөж байна гэж бодсон. Санасныг бодоход удаан өвдөөгүй. Амжилттай төрсөн гэх үү дээ. Эмэгтэй хүн төрсний дараа дахиж төрөхгүй гэж боддог гэсэн. Би бол тэгж бодоогүй” гэсэн юм. 

Улаан нялзрай үрээ харах эмэгтэй хүн болж төрсний гайхамшигтай хийгээд гайхалтай мэдрэмж. Үүнийг зөвхөн ээж хүн л мэдэрдэг учраас эх хүний сэтгэл уян зөөлөн байдаг болов уу. Б.Батзаяа надаас ийм хөөрхөн хүүхэд гарчихлаа гэж үү хэмээн бодож нялх үрээ харахад баярын нулимс санчиг дагаж урссан тэр л хором хамгийн үнэ цэнэтэй.

No description available.Хоёр том охиноо хадмындаа амьдарч байхдаа төрүүлсэн тул хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд аав, ээжийнх нь оролцоо их байсан гэдэг. Харин одоо өрх тусгаарлаж, амьдрал ахуй нь тэгширсэн учраас өөрөө хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байна. Хүүхдийн хүмүүжил хамгийн чухал. Тиймээс нийтэч, хүнтэй хүндэтгэлтэй харьцахыг багаас нь зааж сургахаас гадна хүссэн сэдвээр нь нээлттэй ярилцаж, санаа бодлын сонсохыг хичээдэг гэнэ.

2-14 настай дөрвөн хүүхдийн залуухан ээжийн ажил өглөө эртлэн босгохоос эхэлнэ. Өөрөөрөө үрсдээ үлгэрлэхийг хичээдэг эзэгтэй долоо хоногийн ажлын хувиар гаргажээ. Ээжийн гаргасан хуваарийн дагуу гэрийнхээ ажлыг охидууд ягштал хийж, дүрмийг чандлан баримтална. Ажилд сургах алсын хараагаар нэг нэгээр нь гэрээ цэвэрлүүлнэ. Гурван охины сургуульдаа явах цаг хоорондоо зөрнө. Тиймээс гэрийн босс бяцхан хүүг ээлжлэн харна. Хоол бэлдэх, угаалга, цэвэрлэгээний ажилд охидоо багаас нь сургаж байгаа хэмээх Б.Батзаяа гэрийнхээ их багш. Охидуудын даалгаврыг хянана. Даалгавраа хийсний дараа охидтойгоо хүссэн сэдвээр нь ханийнхаа хамт ярилцана.

Гэр гийгүүлэгчийн ажил өглөөнөөс үдэш хүртэл үргэлж, өдөр бүр давтагдана. Гэртээ олон жил байж, үр хүүхдээ өсгөж байгаа ээжүүд сэтгэл санаагаар унаж хямрах үе байдаг. Энэ хэсэг хормыг ханийнхаа хайр, халамжаар даван туулж байгаа олон мянган ээж бий. Үүнтэй агаар нэг Б.Батзаяагийн хань түүний түших багана. Үргэлж сэтгэл санаагаар дэмждэг учир гэрийн эзэгтэйнхээ ажлыг аз жаргалтай хийдэг талаар тэрбээр онцлон хэлж байлаа.

С.Ичинхорлоо

No description available.

4 хүн, үүнд Батболдын Батзаяа, хүүхэд болон дотор гэх мэтийн зураг байж болно