Н.Алтанхуяг: Та нар ялзарсан системтэй юм

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Дээд шүүхээс төсвөө оруулж ирэхдээ гурав дахин нэмэгдүүлсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шүүх дарга нараас хамаардаггүй, хэн нэгэн хүн хонгил байгуулдаггүй байх хэрэгтэй гэж ажилласан. Гайгүй хууль баталлаа гэж бодсон. Хэрэгжилт  нь өөдлөхгүй юм байна. Та нар ялзарсан системтэй юм. АН-ын тамгаар тоглоод бүртгэлийн байцаагч улаан цайм хууль зөрчсөн асуудлыг шүүхэд новшруулаад хэдэн сар болж байна. Ийм байхад шүүхэд хэн итгэх юм. Олон нийтийн өмнө шүүхэд итгэх итгэлийг сайжруулах гэж энэ шинэчлэлтийг хийсэн. Шүүхэд явж буй процесс хүмүүсийн итгэлийг алдаглуудаад байна. У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвших гэж АН-ыг будаа болгов уу?. Хэн ч хийсэн байсан даргад биш, хуульд захирагддаг баймаар байна. Хэд хэдэн асуудлаар шүүхэд хандахад урам хугарч байна” гэв.

Хариуд нь “ШЕЗ-ийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв бол урсгал зардалд 35.8, хөрөнгө оруулалтад 38.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Гол нэмэгдсэн шалтгаан юу гэхээр хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 2021 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр гуравдугаар тогтоолын 1.2-т  шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх заалт тусгасан. Энэ заалтын хүрээнд нийтдээ 20.5 тэрбум төгрөг буюу өмнөх сууриас 11.8 тэрбум төгрөгөөр шүүхийн туслах болон, хуралдааны нарийн бичгийн даргын цалингийн нэмэгдлийн зөрүү бий. Шүүгчийн цалингийн хувьд 2021 оны батлагдсан төсөвт 21.3 тэрбум төгрөтэй байна. 2022 оны төсвийн төсөлд 30.9 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Үүний зөрүү болох 9.6 тэрбум төгрөгөөр шүүгчийн цалин нэмэгдсэн. Үндсэн шүүгчид очиж буй цалин нэмэгдээгүй, шинэ хуульд орсон өөрчлөлтэй холбогдуулан төрийн алба хаасан онцгой нөхцөлд болон хугацааны, докторийн зэргээс үүдэн нэмэгдэж байгаа” гэдгийг ШЕЗ-ийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын  дарга Н.Цогбадрах хариуллаа.