Д.Жаргалсайхан: Монголын рок хөгжим бусад урлагийн салбартаа нөлөөлж чадаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Төрийн дээд цол одон медаль гардууллаа. Энэ үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээсэн юм. Тэрбээр "Монголын ард түмэнд эрх чөлөө тусгаар тогтнол авчирсан ойн өдрөөр Ардын жүжигчин цол хүртэж байгаад баяртай байна. 100 жилийн өмнө үндэсний соёл урлагаа хөгжүүлэх нь бидний үүрэг гэж хэлсэн үг байдаг. Монголд соёл урлаг сүүлийн зуун жил жинхэнэ утгаараа хөгжлөө. Сонгодог урлаг, ардын урлаг, уламжлалт урлаг, тэр дундаа рок попын урлаг 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тусгаар тогтнолын баярын энэ өдөр Ардын жүжигчин цолоор шагнасан явдал бол Монголын рок поп хөгжмийг төрийн хэмжээнд үнэлж буй нотолгоо гэж бодож байна. Та бүхэндээ баярлалаа. Шүтэн бишрэгчгүйгээр ямар дуучин, ямар хөгжимчин байх вэ. Та бүхний хүчээр бид өдий зэрэгтэй яваа гэдгээ ойлгож, ядарсан, зүдэрснээ умартан дуулж, та бүхэнтэйгээ хамт тайзан дээрээ амьдрах болно. Улсын филармонийн "Баян Монгол" чуулга, "Соёл-Эрдэнэ", "Оч" хамтлаг рок попын бүхий л уран бүтээлчдийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Монголын рок хөгжим бусад урлагийн салбартаа нөлөөлж чадаж байна. Уран барималч, Ч.Дашзэвэгийн гэр бүл ээждээ, гэр бүлдээ сайн сайхныг хүсье” гэлээ.