"Дельта" вирусийн тохиолдол гурав хоногийн дотор долоо болж өсчээ

Коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн хүний тоо долоо бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан ээлжит мэдээллийн үеэр хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай улсад дельта хувилбарын коронавирусээр долоон хүн өвчилсөн. Тэдгээр хүнийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байнаКоронавирусийн мутацлагдсан хувилбараас дельта нь хамгийн эрсдэл өндөртэй буюу хурдан тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт дельта хувилбар дэлхийн 111 оронд бүртгэгдээд байсан бол долоо хоногийн дотор нэмж 13 улсад бүртгэгджээ. Энэ нь дельта хувилбарын вирус халдварлах чадвар маш өндөр гэдгийг харуулж байна. Мөн дельта хувилбар нь альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байна” гэлээ.

Мягмар гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийх үеэрээ 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэснийг мэдэгдсэн юм. Тэрбээр “Гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Тавдугаар сарын 3-нд энэ вирусний анхны тохиолдлыг бүртгэсэн бол одоо гурав боллоо. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай. Дельта вирус нь илүү хурдан тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой. Энэ төрлийн вирусний халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь илүү түгээмэл байна” гэж байв. 

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 7293 хүнд шинжилгээ хийхэд 1243 хүнээс коронавирус илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын тав нь зөөвөрлөгдсөн, 514 нь Улаанбаатарт, 724 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 153782 болоод байна.