П.Батчулуун эрхтэн шилжүүлэн суулгах Азийн холбооны шагнал хүртлээ

Эрхтэн шилжүүлэн суулгах Азийн холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо долдугаар сарын 25-28-ны өдрүүдэд болж байна.

Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууныг шагналаа.

Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар бий болгожээ.

Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх, эмч мэргэжилтнүүд уригдан оролцож Ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент, туршлагаасаа хуваалцаж байгаа юм. Тус хуралд манай улсын төлөөлөл болон төвийн ЭЭЭШСҮАЗА болон УНТЭ-ээс эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.