Резидент эмч нарыг сургалтад хамрууллаа

Тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмчийн үүрэг, хариуцлага, зохион байгуулалт, халдвараас сэргийлэх, дэглэм сургалтыг өнгөрсөн баасан гарагт танхим болон цахимаар зохион байгуулжээ.

Сургалтаар коронавируст халдварын үед гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч нарт ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хууль тогтоомж танилцуулах, тусгаарлах байранд халдвараас сэргийлэх дэглэм мөрдүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгсөн байна.

Эрсдэлтэй нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллах мэргэжлийн зөвлөмж болон хууль эрх зүйн талын мэдлэг олгох сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын хурандаа О.Чингэсболд, Улсын онцгой комиссын шуурхай штабын А.Саранцэцэг явуулжээ.

Сургалтанд танхимаар 35, цахимаар 50, нийт 85 резидент эмч, сургалт эрхлэх байгууллагын дарга, арга зүйч нар оролцож тусгаарлан ажиглах байранд мөрдөх журам, резидент эмчийн үүрэг, эрх зүйн орчин, халдварын дэглэм мөрдүүлэх, тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажиллахад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.