"Гуравдугаар тун нас баралтаас 92 хувь хамгаална"

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар "Ковид-19"-ийн халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцсэн. Хуралдааны үеэр комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэд хэдэн үүрэг даалгаврыг өгч, зарим асуудлаар хариуцлага тооцохыг хөндсөн юм.

Харин Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр вакцины гуравдугаар тунтай холбоотой судалгаа, мэдээллийг танилцуулсан байна. Тэрбээр "Эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины гуравдугаар тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн. Тиймээс хүн амыг яаралтай гуравдугаар тунд хамруулах шаардлагатай байна” гэжээ.

Эрдэмтэн судлаачдын тооцоллоор "Ковид-19"-ийн халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай буй. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн, хүндрэл багасчээ.