1500 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлжээ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт аравдугаар сарын 10-нд явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх юм.

Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

Иймд 18, 28 дугаар тойргийн сонгогч ковидын халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа бол өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд хандаж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ аравдугаар сарын 06-ны буюу өнөөдрийн 17:00 цагаас өмнө гаргах хэрэгтэй гэнэ.

Одоогийн байдлаар хоёр тойрогт нийт 1500 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Халдвар авсан иргэдийн тоог тойргийн хэмжээнд гаргасан бөгөөд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 3000 орчим иргэн халдвар авсан гэдэг тоог аймаг, дүүргийн онцгой комиссоос гарган өгсөн байна. 

"Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж байна. Өнөөдөр техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзлээ. Энэ удаагийн нөхөн сонгууль дотооддоо халдвар алдсан хүндхэн үед болж буй. Ийм учраас Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд ковидын халдвар авч гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн сонгох эрхийг нь хангах хүрээнд ажлуудыг зохион байгуулж байна" гэдгийг онцоллоо.