Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор болжээ

"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос ирсний дагуу шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүхээс Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хянан хэлэлцсэн юм.

Шүүхэд прокурорын ирүүлсэн санал, яллагдагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад яллагдагч Д.Хаянхярваа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.