Ц.Идэрбат: Дөнгөж эхлээд нураасан "Андлалын хөшөө"-г яриад яах вэ?

Нөхөн сонгуулийн дүнгээр УИХ-д сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр гишүүний тангараг өргөж, үнэмлэх, тэмдгээ гардсан. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат зарим асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгчээ. 

-Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдоо. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаасаа танилцуулбал?

-Нөхөн сонгуулийн дүн баталгаажин, УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр өнөөдөр анхны чуулганы хуралдаандаа суулаа. Тангарагийн үгэнд бүх зүйл тодорхой байгаа. Улс орон, ард түмний эрх ашгийг дээдлэнэ гэдэг зарчим баримтална. Яг одоо УИХ-аар 2022 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд асуудлаа тавина.

-Намынхаа гишүүдийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон хүний хувьд Танд санал өгөөгүй, сонгуульд оролцоогүй иргэдийн итгэлийг яаж олж авах бол?

-Сонгуулийн ирцтэй холбоотой асуудлыг СЕХ-ноос асууж тодруулах нь зүйтэй болов уу. Энэ удаагийн сонгуульд зөвхөн МАН-ын гишүүд оролцсон гэж бодохгүй байна. Сонгуулийн дүнтэй холбоотой асуудалд байр суурь илэрхийлэх нь зохимжгүй.

-Хамгийн эхэнд ямар хуулийн төсөлтэй танилцсан бэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө Монгол Улсын төсвийн тухай хууль батлагдах ёстой. Тиймээс энэ хуульд анхаарах ёстой гэж ойлгож байгаа.

-Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв тавигдаж байгаа. Ирэх онд тус аймагт хэдэн төгрөг төсөвлөгдсөн бол?

-Хэнтий аймагт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь үнэн. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Засгийн газраас гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгжиж байгаагийн илрэл гэж харж байгаа. Монгол Улсын Засгийн газар цаасан дээрх бодлогоо хэрэгжүүлж байна.

-Хоёр тэрбум төгрөгөөр Андлалын хөшөө бариад, түүнийгээ нураасан нь Засгийн газрын бодлого гэж ойлгож болох уу?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт хийж байгаа ажлуудын талаар танилцуулах боломж дараа нь гарах байх. Дөнгөж эхлээд нураасан Андлалын хөшөөг яриад яах вэ?. Ярих боломж олон гарах байх.