О.Цогтгэрэлийг АН-ын даргаар ёсчилжээ

Ардчилсан намын Онц Их хурал болж өндөрлөлөө. АН-ын Онц Их хуралд нийт 1318 төлөөлөгч оролцож, 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэлжээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих.

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдсэн байна.

Түүнчлэн, Онц Их хурлын гишүүд АН-ын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталсан байна.

Үүний дараа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Онц Их Хуралд оролцогчдод хандан үг хэлж, мөн тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргасан байна. Намын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг томилох саналыг Үндэсний бодлогыны хороонд оруулж дэмжигдсэн байна.

АН-ын Онц их хуралд цахим сонгуулиар намын даргаар сонгогдсон М.Тулгат нарын гишүүд оролцоогүй юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг З.Нарантуяа, Л.Гантөмөр, Ш.Түвдэндорж, Д.Одхүү, С.Болдхэт тэргүүтэй үе үеийн УИХ-ын гишүүд, УИХ дах Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ.