Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах тусгай аппликэйшн ажиллуулж эхэлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

44 дэх долоо хоногт нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан. Эл долоо хоногт халдварын тоо өмнөх долоо хоногоос буурч, өдрийн дундаж 1911 байжээ.

Эмчлүүлэгчдийн тоо, хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн байгууллагууд, УБЗАА-наас  нэмэлт III тунд онцгойлон анхаарчээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас вакцины нэмэлт тунгийн үйлчлэлийн талаарх мэдээллийг дэлхий нийтийн хэмжээнд өгсөн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга онцлов.

ДЭМБ-ын зүгээс 5-11 насны хүүхдийг том хүний 1/3 тунгаар тарьж болно гэсэн мэдээлэл түгээсэн байна. Мөн дельта хувилбарыг даван туулахын тулд нэмэлт тунг эрчимжүүлж, вакцинтай иргэдээ хамгаалах, 11-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг судлах, амны хаалтны хэрэглээг заншил болгох, хичээл сургуулийг эхлүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг улс орнуудад санал болгож байгаа юм. Нийслэл хотын зургаан дүүргийн хэмжээнд явуулын 40 баг, суурин 39 цэгт вакцинжуулалт хийсэн хэвээр байгаа юм.

Нийслэлийн нийт хүн амын 74.7 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд, нийт хүн амын 15.7 хувь, зорилтот бүлгийн 21.8 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Тиймээс нэмэлт гуравдугаар тунд эрчимтэй хамрагдах шаардлагатай байгааг нийслэлчүүддээ уриаллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Тэдгээр ажилтнууд маш идэвхтэй ажиллаж, эмч нарт ихээхэн дэмтэй байсныг Эрүүл мэндийн газрын дарга тодотгоод, тэдгээр хүмүүст талархал илэрхийллээ. Түүнчлэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах тусгай аппликэйшн ажиллуулж эхэлсэн байна.