Л.Гантөмөр: Сонгууль хаяанд ирсэн. Бид хоцорсон ч араас нь явна

АН-ын Онц Их хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Намын даргаар ёсчилж, сайд асан Л.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Хурлын үйл явцын талаар тус генсекээр томилогдоод буй Л.Гантөмөр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэдэг. АН хоёр жилийг алдчихаад байна. Илүү өргөн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль илүү ээдрээтэй харагдаж байна. Хоцорсон ч араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын улмаас олон айлын амьдрал сүйрч, бизнесээ хаалгаж, ажилгүй болсон. Илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. Олныг хамарсан ядуурал, ажилгүйдэл ямар дүр дүн авчрах вэ?. Хоёр зүйлд анхаарч ажиллана. Судалгааны байгууллагатай хамтарна. Түүнд суурилсан бодлого гаргана. АН-ын бүлгээ дэмжинэ. Бүлгийн гишүүд өнөөгийн байдлыг өөрчлөхүйц хуулийг санаачилна. Бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Бодлогын хүрээлэн байгуулж, бодлого гаргаж ирж чадахуйц хүмүүстэй хамтарч ажиллана. АН-ын хувьд орон нутгийн хэмжээнд 145 суманд засаглаж байна" гэв.