Ц.Сандаг-Очир: Эмзэг мэдээлэлд цахим орчин орохгүй юу?

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Эмзэг мэдээлэлд цахим орчин орохгүй юу? Уг нь хамгийн орох ёстой заалт. Хүний нууц руу халддаг. Захидал харилцаатай адилхан. Хамгийн эмзэг мэдээлэл тэнд явдаг. Үүнийг оруулах уу?" гэдгийг тодруулав.

Хариуд нь Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Цахим мэдээлэл гэдэг тусдаа томъёолол байхгүй. Хүний хувийн болон эмзэг мэдээлэл гэж ангилсан. Эмзэгийг нь нууцад хамааруулсан. Цахим хэлбэрээр байж болно. Цаасаар байж болно. Түүнийг нь ангилж байгаа юм. Тоон гарын үсэг буюу хувийн түлхүүрийг эмзэг мэдээлэлд оруулж өгч байна. Хувь хүний нууцад хамаарсан зүйлийг хуулиар зохицуулна" гэлээ.

Харин Б.Баасандорж "9.1 дээр захидал харилцааг оруулсан. Тэрэнд багтана. Захидал, илгээмж, цахим шуудан орно" гэсэн юм.