Б.Бат-Эрдэнэ гишүүний Ёс зүйн дүрэм парламентын босго давлаа

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг тогтоолын төслийг өөрөө санаачлан боловсруулсан тул Улсын Их Хурлын тухай хуулийн 27.2-т заасны дагуу хуралдаан удирдахаас татгалзаж байгаагаа хэлж, тус Байнгын хорооны хамгийн ахмад гишүүн Х.Баделхан гишүүнээр хуралдаан удирдуулах саналтай байгаагаа танилцууллаа. 

Төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хийв. 

“УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 3 удаа, дэд ажлын хэсгийн хурал 6 удаа хуралдсан. Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулж, гишүүдээс гарсан саналуудыг нэмж тусгасан.

Улсын Их Хурлаас 2009 онд батлагдсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан.

Дүрмийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгасан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Баярсайхан нар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, төсөл санаачлагчаас асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил,  хууль өргөн баригдах эсэх талаар тодруулав. Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагын тухай хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулагдсан, уг хуулийг нэн яаралтай оруулах шаардлагатай гэсэн тайлбар хийв.

 

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн 11 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул гишүүдийн олонхын саналаар батлагдлаа.