Х.Нямбаатар: Архивын ховор бичиг баримт гадагшаа гаргасан асуудлыг шалгаж эхэлсэн

Соёлын сайд асан С.Чулуунтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл гараад буй. Уг асуудлаар Соёлын сайд Ч.Номин хуулийн байгууллагаар эцэслэн тогтоолол тайлбар хэлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс эл асуудал ямар шатандаа яваа талаар Х.Нямбаатар сайдаас тодруулсан юм.

Хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Чин гүрний үед хамаарах архивын ховор бичиг баримтыг гадаад улсад зарсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Байнгын хорооны гишүүд дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл Соёлын эсрэг ямар ямар гэмт хэрэг үйлдсэн талаарх тодорхой танилцуулгыг хийж болно" гэдгийг онцолжээ.