Б.Бат-Эрдэнэ: Аугаа юм хамгийн энгийнээс эхэлдэг

Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхийг дэмжсэн. Төсөлтэй холбогдуулж төсөл санаачлагчийн зүгээс гишүүдэд хэрхэн тайлбар өгснийг хүргэж байна.

Тэрбээр "Та бүхний маань үнэтэй санал, зөвлөгөө үнэхээр чухал байна. 2020 оны сонгуулийн дараа УИХ шинээр хуульд өөрчлөлт оруулаад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Бидэнд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Ирц өмнөх парламентуудын хугацаанд 54 минутын хоцролттой чуулган эхэлдэг байсан бол энэ онд бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа 7 минут болж буурсан. Ирцийг яг цагаар нь эхлүүлдэг ажлаа бид яс баримтлах хэрэгтэй байна.

Аравдугаар сарын чуулганаар УИХ-ын дарга гурван удаа чиглэл өгсөн. Удахгүй олон нийтэд мэдээлнэ. Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд судалгааг нь гаргачихсан. Хоцролттой байгаа, зарим нэг тасалдсан гишүүдэд анхааруулга өгсөн бичиг тоотыг хүмүүст хүргүүлсэн.

Энэ бол жижиг асуудал биш. Аугаа юм хамгийн энгийнээс эхэлдэг. Монголынхоо төр, ард түмэнд тангараг өргөсөн гишүүд. Хуралдаан чуулгандаа яг цагаараа оролцдог. Хуралдааныхаа дэгийг чандлан сахидаг. Авлига, ашиг сонирхол, аливаа нэгэн зөрчлөөс бид ангид ажиллах шаардлагатай. Ийм зүйлийг Нэгдүгээрт хэлмээр байгаа юм. 

Хоёрдугаарт, энэ “ёс зүйн хариуцлага”, цаашлах юм бол “сахилгын хариуцлага”, “захиргааны хариуцлага”, “улс төрийн хариуцлага”, тэгээд “эрүүгийн хариуцлага” гээд энэ зааг ялгааг их сайн тодорхой гаргаж өгөхгүй ерөөсөө Ёс зүйн, сахилга хариуцлагын байнгын хороо бүх хариуцлагыг хүлээлгэдэг юм шиг ойлголт нийгэмд төрүүлэх чиглэлээр нэлээн юм яваад байна. Зөвхөн ёс зүйн хүрээндээ л асуудал ярина. “Сануулна”, “хатуу сануулна”, “олон нийтээс уучлал гуйхыг үүрэг болгоно”. Энэ шинээр орж байгаа заалт.

Энэ хүрээндээ л юмыг зааглаж. Хэрвээ гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай байх юм бол үүнийг нь хуулийнхаа дагуу шийднэ. Өмнө нь 2009 онд баталсан ёс зүйн дүрэм дээр ч тодорхой заачихсан. Өнөөдөр хуульд тэр нь тодорхой заасан учраас үүнийг нь хуулийн байгууллагад нь шилжүүлнэ. Тэрийг шалгана. 

Хуулийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагад өргөдөл гаргачихсан шалгаж байгаа асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч үзэхгүй. Ийм заагтай ялгаатай ойлгогдох шаардлагатай. Ингээд Улсын Их Хурлын гишүүнийхээ ёс зүйн дүрмийг батлаад цаашдаа үргэлжлүүлэн ажиллана. 

Төрийн албаны зөвлөлөөс сая томоохон мэдээлэл ирүүлсэн. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Та бүгд бид тал талаас нь авч хэлэлцсэн. Зөвхөн манай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд төдийгүй өөр Байнгын хорооны харьяалагдаж байгаа гишүүд хүрч ирж төрийн албан хаагчдын ёс зүйн сахилга, хариуцлагатай холбоотой бүх асуудлаар нээлттэй ярьсан.

Төрийн албаны зөвлөлөөс ирсэн ирүүлсэн мэдээллээс үзэхэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласнаар сүүлийн жил гаруй хугацаанд төрийн байгууллагуудын дэргэд байгуулагдсан ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа үндсэндээ жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд ихээхэн ахиц гарч байгаа, бас энэ сайн жишээ гэж үзэх ёстой" гэжээ.