Б.Мөнхжин: Өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Мөнхжин "Манай хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Япон улс бол бидний чухал гуравдагч хөрш. Нийтлэг үнэт зүйлстэй, стратегийн дотно түнш улс. Монгол, Японы харилцаа хамтын ажиллагаа 1990  оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс ардчилсан зах зээлийн тогтолцоо руу шилжиж эхэлсэн цаг үеэс эхлэн Япон Монгол орны өөрчлөлт, шинэчлэлт хөгжлийг тууштай дэмжсээр ирсэн. Эдүгээ манай хоёр ард түмэн найрамдлал нөхөрлөл бидний дунд өргөжин бэхжиж, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрсээр ирсэн.

Засгийн газраас 2022 оныг "Монгол Японы хүүхэд залуучуудын найрамдал солилцооны жил" болгон ойг тэмдэглэх хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Дипломат харилцааны хагас зуун жилийг бүтэн жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэнэ. Монгол, Японы ард түмнийг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Ойн хүрээнд дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг зохион байгуулна" гэв.

Харин Элчин сайд Х.Кобаяши "Хоёрдугаар сарын 24-нд Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Монголчууд та бүхний хамтаар энэхүү ойг тэмдэглэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн лого шалгаруулсан. Ойн хүрээнд энэ сарын 01-нээс эхлэн Элчин сайд албан ёсны твиттер хаяг нээсэн бөгөөд түүнд 50 жилийн ойн холбогдолтой мэдээ мэдээлэл байршуулна.

Монгол-Японы 50 жилийн дурсамж нэртэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж, бүтээлийг цахимаар хүлээн авч байна. Цахим фестиваль хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулна. Коронавирусийн цар тахлаас хамаарч Япон талаас урлагийнхан ирэхэд бэрхшээлтэй байна. Нөгөөтэйгүүр цахимаар зохион байгуулах нь Монгол орон даяар хүмүүст хүрэх давуу талтай гэж итгэж байгаа. Халдварын нөхцөл байдал дээрдвэл энэ оны наймдугаар сарын 20,21-ний өдрүүдэд Японы фестиваль зохион байгуулна" гэсэн юм.