С.Бямбацогт: Үндэсний зөвлөлд орохын тулд утас шаттал мессеж бичиж, залгадаг

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох байсан ч ирц хүрсэнгүй. Улмаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тайланг шалгах ажлын хэсгийг байгуулсан юм. Байнгын хорооны гишүүдийн зүгээс тус телевизийн үйл ажиллагаа болон Үндэсний зөвлөлийн чиг үүрэгтэй холбоотой шүүмжлэлийг дайв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох ажлын хэсэг байгуулъя. Тайланг гар дээрээ авч уншмаар байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулиар тайлан мэдээлэл, илтгэл сонсч тодорхой арга хэмжээ авна гэж заасан. Өмнө нь тайлан сонссон болоод өнгөрдөг байсан. Одоо ингэхгүй. МҮОНРТ өөрийн гэсэн бие даасан хуультай. 800 орчим хүн ажилладаг. Үүний 100 гаруй нь удирдах албан тушаалтан. Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй. Тэд томилогдохын тулд утас шаттал мессеж бичиж залгадаг. Үйл ажиллагаа нь өнөөдөр ямар түвшинд явж байгааг бүгд мэднэ. Улсын төсвөөс татаас авдаг. Ард иргэдээс хураамж авдаг. Реклам зар сурталчилгаанаас ашиг авдаг. Гурван давхар орлоготой. Олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүн гарч байгаа харагддаг. Дотроо таарч тохирохгүй. Байнгын хэрүүл, тэмцэлтэй. 80 хүнтэй хувийн телевиз ямар сайн контент нэвтрүүлгүүд хийж байна. Ганцхан рекламныхаа орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байна. Харин МҮОНРТ 800 гаруй хүнтэй. Хувийн телевизээс гурав дахин илүү орлого олдог" гэсэн юм.