Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдөр дуусна. Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-нд эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 97 280 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийжээ. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой.

Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх шаардлагатайгаас гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-Mongolia" төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.

Харин "Е-Mongolia" системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй. Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.