Эрчим хүчний яамны хүний нөөцөд аудит хийжэ

Төрийн албаны зөвлөлийн аудитын баг 2021 оны 11, 12 дугаар сард Эрчим хүчний яамны хүний нөөцөд аудит хийжээ. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагад хийсэн анхны хүний нөөцийн аудит болсон бөгөөд Эрчим хүчний яамны хүний нөөцийн бодлогын баримт бичиг, яамны бүтэц, зохион байгуулалт, албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нөхцөл байдал, албан хаагчдын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагад тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа байдал, сургалтын бодлогыг хэрэгжүүлсэн байдлыг тодорхойлох 5 зорилтын хүрээнд хийгдэж 5 бүлэг бүхий 33 дүгнэлтийг гаргасан байна.

Аудитын дүгнэлтэд тус байгууллага албан хаагчдаа шатлан дэвшүүлж томилдог, урт хугацааны чөлөөтэй байгаа албан хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалдаг, албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгааг дурджээ.

Мөн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн, албан хаагчдыг албан тушаалд томилсон зарим шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй, албан тушаалын тодорхойлолтын зарим тусгай шаардлага хангагдаагүй, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгөгүй зэрэг дутагдалтай талыг тогтоожээ.

Төрийн албаны зөвлөлөөс энэ онд үргэлжлүүлэн Засгийн газрын яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагад хүний нөөцийн аудит хийх юм байна.