ХЭҮК Төрийн албаны зөвлөлтэй хамтарна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж. Хунан, гишүүн Д.Сүнжид нар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон бусад албаныхантай уулзаж, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, төрийн албан дахь хүний эрхийн нийтлэг зөрчил, асуудлын талаар харилцан мэдээлэл солилцжээ.

Уулзалтаар Комисст ирүүлсэн 2021 оны гомдлын мэдээлэл, хяналт шалгалтын дүнг товч танилцуулж, төрийн албан хаагчтай холбоотой гомдлыг шалгах харьяаллын талаар тодруулан, хууль хэрэглээний нэгдмэл байдлын талаар ярилцсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлтэй жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажилладаг.

Уулзалтын үр дүнд хоёр байгууллага төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд чиг үүргийн хүрээнд хамтарсан хяналт, шалгалт хийх, төрийн албан хаагчдад зориулсан сургалт, зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулах, түүнчлэн төрийн албан хаагчийн зөрчлийн талаар мэдээллийг солилцох талаар хамтран ажиллахаар боллоо.

Төрийн байгууллага, албан тушаалтанаас хууль дээдлэх ёсыг баримтлах, хуульд үндэслэсэн шийдвэр гаргах чухал болохыг онцолж, төрийн албанд ялгаварлан гадуурхалт мөн хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллээс ангид байх эрхийг хангах, ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулан, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр тохиролцлоо.