Шаардлага хангаагүй албан тушаалтны томилгоог хүчингүй болгоно

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг төрийн албанд гаргахаас урьдчилан сэргийлж, авлигын индекс, хүнд суртлыг бууруулах талаар явуулж буй олон талын үйл ажиллагааны нэг нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолын хэрэгжилт байдаг. Иргэдэд төрийн алба хаах адил тэгш боломж олгохын зэрэгцээ төрийн албанд мерит зарчмыг баримтлан томилгоо хийснээр өсөлт, бүтээмж, үр дүн, гүйцэтгэлд суурилсан сайн засаглал бүрдүүлэх зорилтод дээрх шийдвэр бүхэлдээ чиглэгдсэн.Төрийн албаны томилгоо, түүний дотор Ковидын үед гаргасан томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрүүдийг судлан шалгаж, хуульд заасан шаардлага хангаагүй албан тушаалтны томилгоог хүчингүй болгох үйл явц уг ажлын хүрээнд үе шаттай явагдаж байна. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын явц байдал, хэрэгжилтийн мэдээлэл тайланг нэгтгэн ирүүлэх асуудлаар яам, агентлаг, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим төрийн байгууллагын Тамгын газар, Захиргаа, удирдлагын газар, хэлтсийн удирдлага, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудыг оролцуулсан цахим уулзалт болсон байна.Тогтоолын хэрэгжилт эрчимтэй явагдаж, иргэд, олон нийтийн дэмжлэг хүлээж байгааг тэмдэглээд үр дүнг хугацаанд нь дүгнэх шаардлагатай байгааг чиглэл болгосон байна. Түүнчлэн 411 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл, тодорхой аргачлал, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгөв.