Өвлийн паралимпын наадамд гурван тамирчин оролцоно

Бээжин-2022 өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 3-14-нд болно. 

Тус наадамд манай улс гурван тамирчнаа илгээхээр болжээ. Тодруулбал, гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гараанд уралдана.

Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлсэн байна. Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаа оролцох гэж буй нь энэ. Харин Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож, “Бээжин-2022” гээд гурав дахь паралимпын наадамдаа өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цанын паралимпын эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

Б.Цэрэнпунцагийн паралимпын наадмын уулын цанын төрөлд улсаа төлөөлөх анхны тамирчин боллоо

 

Мөн “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд манай улсаас Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болжээ.

Түүний паралимпын эрх өчигдөр баталгаажсан юм. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Б.Цэрэнпунцагийн бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан Д.Очирсүх удирдан явуулж байна.