Ч.Номин: Соёлын салбарын стратеги төлөвлөгөөг анх удаа баталж, хэрэгжүүлж байна

Соёлын сайд Ч.Номин аймгийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзаж Соёлын салбарын бодлого, орон нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхэлсэн, мөн аймгууд Соёлын хэлтэстэй болсон зэргээр Соёлын яам орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах цар хүрээ улам өргөжсөн юм. Энэ өөрчлөлтийн хүрээнд соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд аймгууд шууд оролцоотой, Соёлын яамтай байнгын харилцаа холбоотой ажиллах ёстой болж байгаа юм.

Тэрбээр "Соёлын салбарын бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд ханган ажиллахад Та бүхний оролцоо, хамтын ажиллагаа маш чухал болж байгаа. Өнгөрсөн онд соёлын салбарынхаа бодлого, эрх зүйн шинэчлэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж, анх удаа соёлын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй байсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг салбарын гурван ч хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан. 

Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор бид Үндэсний бахархал, эв нэгдлийн сэргэлт, Соёлын дархлааны сэргэлт, Соёлын эдийн засгийн сэргэлтийн 3 тулгуурт бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. 

Салбарын стратегийн зураглалаа гаргахдаа бид “Алсын хараа-2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан тус салбарт хамаарах зорилго, зорилт болон Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Соёлын тухай хууль, бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон. 

Цогц бодлого, эрх зүйтэй, дижитал үйл ажиллагаатай, мэргэшсэн хүний нөөцтэй, соёл гэгээрлийн үйл ажиллагаа нь хүртээмжтэй, соёлын өвийн дархлаатай, урлаг, уран бүтээлээр тэргүүлэх байр суурьтай, стандартын шаардлагад нийцсэн соёлын байгууламжтай, үр ашигтай бүтээлч үйлдвэрлэл, олон талт соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна. 

Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд та бид өнгөрсөн 2021 онд анх удаа хамтран ажилласан бөгөөд энэхүү бодлого, зарчим, стратегийн хүрээнд энэ онд хамтран ажиллах гэрээг боловсруулсан” гээд соёлын салбарын сэргэлтийн бодлогоо танилцуулж, аймгийн удирдлагуудын асуултад хариулсан байна.

Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл: Соёлын яам нь соён гэгээрүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2022 онд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн таван зорилтын нэг болох ёс зүйтэй төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. 

Тоймловол, соёлын салбарт иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, ёс зүйтэй хандлага ба шийдвэр гаргалт, шаардлага хангасан сонгон шалгаруулалт, ёс зүйг болон  сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд орон нутагт ч уялдаатай хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн. 

Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд сургалтууд зохион байгуулах, төрийн албаны салбар зөвлөл болон яамны аппаратаар дамжуулан ёс зүйн зөрчил, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх юм.  Мөн яамны сургалтын төлөвлөгөөнд ёс зүйтэй төрийн албыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл: Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг төсвийн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан салбарын байгууллагуудын үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа юм. 

Төсвийн шинэчлэлийг хийснээр төсвийн хөрөнгө үр өгөөжтэй, оновчтой зарцуулах тогтолцоо бүрдэх, үр дүнд суурилсан уян хатан санхүүжилтийн аргачлал үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Орон нутгийн соёлын байгууллагууд хагас бие даасан байдлаар төсвөө зарцуулах, үр дүнгээ үнэлүүлэх боломжтой болох, соёлын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчилсэн арга хэмжээнүүд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм.